19 April 2009 By: Ariuka

Дурсамж

Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Б.Бат-Орших

Гантай зуны элсэн цөл шиг
Галтай нас дуугаар ангасан
Очтой асах хуурай мод шиг
Омогтой зүрх хайраад дүрэлзсэн
Нэр сайхан ч ядуу заяатай
Бэл нимгэн ч бардам яриатай оуютан байлаа хөөрхий

Олон шүүлэг давалгүй онхолдчихоод
Орон нутаг буцахдаа уйлаагүй ээ, зүгээр нүдээ арчсан
Охидын харцанд тогтолгүй, ойчих шахаад
Ороо сэтгэл ичихдээ уурлаагүй ээ зүүд үү? гээд инээсэн
Тэр жилүүдийн тэнгэр доор
Эргээд нэг зогс юу
Талхны булан тэврээд
Дотуур байраа зорь юу
Мулгуй тархины дайсан
Хуруу зузаан конспект
Моторын дуу шиг чийртэй
Цахилгаан хонхны чарлаа
Бичгийн ширээ сандаалсан
Шүлгийн цагаан солио
Багш шавь хоёрын
Цаг нөхцөөдөг хэрүүл
Намтар шигээ навтгар намайг андахгүй ээ
Намрын гэгээ шөнүүдээ мартахгүй
Ургацын талбай дундуур хөл нүцгэн туучсан
Усан бороонд балбуулж, хамрын ханиад туссан
Сайхан бүсгүйн харцанд
Эмийн жоргүй эдгэрсэн
Салаа замын нигачаанд
Эмчилгээ дуусаад зүдэрсэн
Засаг төрийнхээ буянд
Хөц будаа хүлхсэн
Мацаг барих өдөр
Тасаг дамжин хөлхсөн
Хими физикийн теоремд
Навсайж унатлаа даруулсан
Хөлдүү толгой гэж
"Сод ухаан"-д чичлүүлсэн оуютан байлаа хөөрхий

Одоо дурсахад гунигтай ч юм шиг, уянгатай ч юм шиг
Гадаа нь ирэхэд сэрүүхэн ч юм шиг, дулаахан ч юм шиг
Алаг нүдэн түүнтэйгээ уулзмаар ч юм шиг, зугтаамаар ч юм шиг
Аяа санаа алдам
Уйлмаар ч юм шиг
Дуулмаар ч юм шиг

1 コメント:

Anonymous said...

yostoi saihan shuleg shu! yag l bidnii amidral