Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Б.Ичинхорлоо
Би, би
Од болох харвахгүй
Оч болон үсрэхгүй
Диваажинд очихгүй
Тамд унахгүй ээ
Надад
Алтны өнгө хэрэггүй
Авсны хавхаг хэрэггүй
Ад шулманын хорлол хэрэггүй
Ариун бурхны соёрхол хэрэггүй ээ
Мөхөж гэмээн
Мөнхийн монголдоо л шингэж үлдвэл л
Сүнстэй явсны хэрэг бүтнэ
Сүүдрээ гээсний буян оршино оо
Би
Эгэл юм бүхний тасархай
Ирээдүйд нар үзэх ургамлын бордоо
Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн
Хорвоогийн наазгай
Хатууд зөөлөн, зөөлөнд хатуу
Тавилангийн наадгай
Би
Хүний орчлонгийн барлаг
Барлагийн барлаг
Хүмүүсийн дундах хаялаг
Хаялгийн хаялаг
Ганцхан монголдоо шингэх
Хаан тэнгэрийн нулимс
Газрын хөрснөөс уяатай
Хайлаасны нялх мөчир өө
0 コメント:
Post a Comment