19 April 2009 By: Ariuka

Сайхан бүсгүй

Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Д.Төрбат

Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү, Шүр эх минь
Саатай, дуутай тайзнаа нүцгэн залбирч
Сайнтай, муутай олны зүрхэнд заларч
Гоо бүсгүйн тэмцээнд орж түрүүлээгүй ч
Гоолиг сайхан явсныг чинь би мэднэ Дарь эх минь

Авсан хэдийг минь
Амин зуулгандаа хүргэх гэж
Хөмсөг зангидаж явсаар
Хөөрхөн нүдний чинь зовхи үрчлээтсэнийг мэднэ
Хараалтай ерөөлтэй хорвоогийн
Хар цагаан хэл ам намайг чичлэх тоолон
Цагаан сүү асгарсан хөхөөхөө ариулсаар
Цагийн шувууд надаас өмнө чиний шанханд буусныг би мэднэ

Гаднаас ороод ирэхэд
Гар дагуулж харах үрийнхээ
Нүд хуурах атга чихэр эрсээр
Нүүрэнд чинь тодрох инээд цөөрнийг би мэднэ
Уянгатай, аянгатай орчлонд
Улаан цусан урсгалын миньундаргыг дархлах гэж
Бүүвэнд уу хоёр аялаж
Бүтэн биеэ гурав хуваасныг чинь мэднэ

Аяга сүүтэй цайгий минь сүлэх гэж
Дэлгүүрийн дараалалд зогссон Шүр эх минь
Алаг заяаг минь сүлэх гэж
Дэлхийн дараалалд зогссон Дарь эх минь
Завилаад суусан Янжин тэнгэрийн
Залраад ирсэн дүр нь чи юм шүү
Гэрийг минь гийгүүж ирсэн чинийхээ
Гэрэлд чинь би шүлэг бичдэг юм шүү

Алтан үсэгтэй тууз зүүж
Алдар хүндийн од сандайлж гайхуулаагүй ч
Есөн эрдэнийн титэмд өмсөж
Ерөөлийн шүлгэнд шигтгээ болж гялалзаагүй ч
Хамгийн сайхан бүсгүй нь чи юм шүү
Харин ганц шүүгч нь би юм шүү

2 コメント:

Java said...

goyo shuleg baishde.
chinii shuugch henb? :)

Ariuka said...

хэхэ ёстой мэдкү