22 April 2009 0 コメント By: Ariuka

Үнийн айдас

Дэлхийд Nо 1 хот гэчихвэл яадаг бол Улаанбаатарыг.

Юу нь вэ гэвэл ҮНЭ.

Анх японд очоод онигири (цагаан будааны ороомог???→зураг ) авах гээд л үнэнээс нь айдаг байсансан. 100 эн гэдэг чинь монголоор бол 1000 төгрөг. 1000 төгрөгөөр чинь 3 кл будаа авах нь байна гээд л .....үнэнээс их айдаг байжээ.
Одоо бол Улаанбаатарынхаа үнэнээс айх боллоо. Токио хотыг дэлхийд хамгийн үнэтэй хот гэдэг. Тэгэх нь одоо бол Улаанбаатар маань Токиогooc үнэтэй болж. Тэгсэн хирнээ бид Tокиод ажилладаг хүмүүсийн дайтай цалин авч чадаж байна уу гэвэл үгүй. 10 дахин бага цалин авч байна(төсвийн ажилчдын дундаж цалин 200000-300000).
Буцалсан ус хийдэг шилэн сав 12000, биейн жин үзэгч 20000, үнэртэй ус 100000-200000 гэх мэт.
Анх японд очоод 10 аар үржүүлээд айдаг байсан бол одоо Улаанбаатартын барааны үнийг 10т хуваагаад ч Токиогоос үнэтэйд гайхах юм.

1 cарын цалин = 1 ширхэг үнэртэй ус.
1 cарын цалин = гутал.
1 cарын цалин = Гар утасны аппарат.

Ийм улс орон, хот нийслэл дэлхийд өөр хаана ч байхгүй байхаа.

Тэгээд яаж амьдраад байна? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.
За бараг л нэг айлаас нэг хүн Солонгос, Япон, Aмерик зэрэг улсуудад хар бор ажил хийж, мал болтлоо ажиллаж байгаа гэхэд хэлсдэхгүй байх. Тэднийхээ ачаар зарим нэг нь амь зууж байгаа. Ууг нь тэд маань гэрийнхнийхээ өдөр тутмын хоолны мөнгийг явуулах гэж ар гэр, үр хүүхдээсээ хол мал болтлоо ажиллаагүй л байлтай. Хэдэн төгрөг хурааж орох орон, унах унаа авах гэж л харь оронд хөлсөө урсган яваа юмсан.
Зарим нэг нь бол улаан цагаан хахууль авч, мөнгө идэж тансаг гэгч нь амьдарч байна(миний ойлгосноор).

2003 онд талх 260 төгрөг, онигири 100 эн байсан. Одоо талх 800 төгрөг болж 3 дахин өсч, онигири 100 эн хэвээрээ л байгаа.

Юмны үнэ өссөөр л ...............................................................................
19 April 2009 2 コメント By: Ariuka

Сайхан бүсгүй

Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Д.Төрбат

Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү, Шүр эх минь
Саатай, дуутай тайзнаа нүцгэн залбирч
Сайнтай, муутай олны зүрхэнд заларч
Гоо бүсгүйн тэмцээнд орж түрүүлээгүй ч
Гоолиг сайхан явсныг чинь би мэднэ Дарь эх минь

Авсан хэдийг минь
Амин зуулгандаа хүргэх гэж
Хөмсөг зангидаж явсаар
Хөөрхөн нүдний чинь зовхи үрчлээтсэнийг мэднэ
Хараалтай ерөөлтэй хорвоогийн
Хар цагаан хэл ам намайг чичлэх тоолон
Цагаан сүү асгарсан хөхөөхөө ариулсаар
Цагийн шувууд надаас өмнө чиний шанханд буусныг би мэднэ

Гаднаас ороод ирэхэд
Гар дагуулж харах үрийнхээ
Нүд хуурах атга чихэр эрсээр
Нүүрэнд чинь тодрох инээд цөөрнийг би мэднэ
Уянгатай, аянгатай орчлонд
Улаан цусан урсгалын миньундаргыг дархлах гэж
Бүүвэнд уу хоёр аялаж
Бүтэн биеэ гурав хуваасныг чинь мэднэ

Аяга сүүтэй цайгий минь сүлэх гэж
Дэлгүүрийн дараалалд зогссон Шүр эх минь
Алаг заяаг минь сүлэх гэж
Дэлхийн дараалалд зогссон Дарь эх минь
Завилаад суусан Янжин тэнгэрийн
Залраад ирсэн дүр нь чи юм шүү
Гэрийг минь гийгүүж ирсэн чинийхээ
Гэрэлд чинь би шүлэг бичдэг юм шүү

Алтан үсэгтэй тууз зүүж
Алдар хүндийн од сандайлж гайхуулаагүй ч
Есөн эрдэнийн титэмд өмсөж
Ерөөлийн шүлгэнд шигтгээ болж гялалзаагүй ч
Хамгийн сайхан бүсгүй нь чи юм шүү
Харин ганц шүүгч нь би юм шүү

Дурсамж

Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Б.Бат-Орших

Гантай зуны элсэн цөл шиг
Галтай нас дуугаар ангасан
Очтой асах хуурай мод шиг
Омогтой зүрх хайраад дүрэлзсэн
Нэр сайхан ч ядуу заяатай
Бэл нимгэн ч бардам яриатай оуютан байлаа хөөрхий

Олон шүүлэг давалгүй онхолдчихоод
Орон нутаг буцахдаа уйлаагүй ээ, зүгээр нүдээ арчсан
Охидын харцанд тогтолгүй, ойчих шахаад
Ороо сэтгэл ичихдээ уурлаагүй ээ зүүд үү? гээд инээсэн
Тэр жилүүдийн тэнгэр доор
Эргээд нэг зогс юу
Талхны булан тэврээд
Дотуур байраа зорь юу
Мулгуй тархины дайсан
Хуруу зузаан конспект
Моторын дуу шиг чийртэй
Цахилгаан хонхны чарлаа
Бичгийн ширээ сандаалсан
Шүлгийн цагаан солио
Багш шавь хоёрын
Цаг нөхцөөдөг хэрүүл
Намтар шигээ навтгар намайг андахгүй ээ
Намрын гэгээ шөнүүдээ мартахгүй
Ургацын талбай дундуур хөл нүцгэн туучсан
Усан бороонд балбуулж, хамрын ханиад туссан
Сайхан бүсгүйн харцанд
Эмийн жоргүй эдгэрсэн
Салаа замын нигачаанд
Эмчилгээ дуусаад зүдэрсэн
Засаг төрийнхээ буянд
Хөц будаа хүлхсэн
Мацаг барих өдөр
Тасаг дамжин хөлхсөн
Хими физикийн теоремд
Навсайж унатлаа даруулсан
Хөлдүү толгой гэж
"Сод ухаан"-д чичлүүлсэн оуютан байлаа хөөрхий

Одоо дурсахад гунигтай ч юм шиг, уянгатай ч юм шиг
Гадаа нь ирэхэд сэрүүхэн ч юм шиг, дулаахан ч юм шиг
Алаг нүдэн түүнтэйгээ уулзмаар ч юм шиг, зугтаамаар ч юм шиг
Аяа санаа алдам
Уйлмаар ч юм шиг
Дуулмаар ч юм шиг

Өөрийн тухай

Эгшиглэнт эхийн хишигт шүлгүүд
(1990 оны яруу найргийн наадамд уншсан шүлгийн түүврээс)
Б.Ичинхорлоо

Би, би
Од болох харвахгүй
Оч болон үсрэхгүй
Диваажинд очихгүй
Тамд унахгүй ээ
Надад
Алтны өнгө хэрэггүй
Авсны хавхаг хэрэггүй
Ад шулманын хорлол хэрэггүй
Ариун бурхны соёрхол хэрэггүй ээ
Мөхөж гэмээн
Мөнхийн монголдоо л шингэж үлдвэл л
Сүнстэй явсны хэрэг бүтнэ
Сүүдрээ гээсний буян оршино оо
Би
Эгэл юм бүхний тасархай
Ирээдүйд нар үзэх ургамлын бордоо
Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн
Хорвоогийн наазгай
Хатууд зөөлөн, зөөлөнд хатуу
Тавилангийн наадгай
Би
Хүний орчлонгийн барлаг
Барлагийн барлаг
Хүмүүсийн дундах хаялаг
Хаялгийн хаялаг
Ганцхан монголдоо шингэх
Хаан тэнгэрийн нулимс
Газрын хөрснөөс уяатай
Хайлаасны нялх мөчир өө
8 April 2009 3 コメント By: Ariuka

Таны нэр төрийн баталгаа буюу утасны дугаарын "НАЙМАА"

Үүрэн телефоны анхдагч оператор МобиКом Таны нэр төрийн баталгаа.
Алтан дугаар, Мөнгөн дугаар, Хүрэл дугаар..... Таны нэр төрийн баталгаа.

Та энэ үгийг ТВ, радио, сонин хэвлэлээс олон харсан байх. Энэ үгнүүдийг сонсоогүй монгол хүн байхгүй гэхэд хилсдэхгүй байх.

9999****, 99**1111 гэх зэрэг адилхан тоонуудтай нь АЛТАН ДУГААР, 99**2121 зэрэг дугаар нь МӨНГӨН ДУГААР. Эдгээр дугаарууд нь Таны нэр төрийн баталгаа гэдэг шалтгаанаар энгийн дугаараас(урьдчилсан төлбөрт) 10-40 дахин үнэтэй. Дундаж цалинтай хүний бол нэг сарын цалинтай тэнцэнэ. Бараг илүү ч гарах байх. Тиймдээ ч "томчууд" л авна.

9901-9909 хүртэлх серийн дугаарууд нь дараа төлбөртийн дугаарууд. Нэгж дууслаа, хугацаа дууссан гэх жижиг сажиг "стрэсс" нээс хол явахад тань тусална. Тусалж байгаагийнхаа хирээр энгийн дугаараас 10 дахин илүү төлбөр нэхнэ(анх дугаар авах үед). Төлбөрөө эхлээд төлөх үү, хэрэглэснийхээ дараа төлөх үү гэдэг дээр л дор хаяж 90.000 төгрөгний ялгаа гарах юм.
Төлбөрийн хэлбэрээс, дугаарын гоё муухайгаас утасны дугаарын үнэ 10.000-400.000д хэлбэлзэнэ. Алтан мөнгөн дугаар, дараа төлбөртийн дугааруудаа таны нэр төрийн баталгаа гээд байх шиг байгаа юм.

Японд (бусад гадаад оронд ч ) утас авахад энэ дугаар ийм үнэтэй, энэ дугаар нь тэдийн үнэтэй гэхийг та сонсож байсан уу?
Зүгээр л дараалсан хэдэн тоог ингэж үнэд хүргэх хэрэг юу байна? Дугаарыг ингэж хөөргөдөж, үнэд хүргэдэг улс орон манайхаар өөр байхгүй байхаа. Утас авахад дугаар бол дагалдаж ирдэг эд баймаар.

Аан бас хос дугаар гэж байгаа. Дараалсан дугаарыг хэлээд байх шиг байгаа юм. Нэг дугаар нь 18.000 төгрөг(урьдчихсал төлбөрт). Дараа төлбөртийн хос дугаар, Алтан , Мөнгөн хос дугаар гэвэл үнэ нь тэнгэрт хадна. Үүнийг чинь 2 уулаа очоод л дараалсан 2 дугаар авчихвал ОК байлтай. Гайхаад барахгүй.
Сүүлийн жилуудээд үүрэн телефоны операторууд нэмэгдээд одоогийн байдлаар 4 оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Анхдагч нь мобиком байсан болоод ч тэр үү мобиком хэрэглэдэг хүмүүс олон. Мобиком үнэтэй шүү гэсэн хирнээ л Мобигоо бариад л байна. Бодвол өнөөх л улиг болсон "Мобиком таны нэр төрийн баталгаа" тай холбоотой байх.
G mobile сүлжээн дотроо үнэгүй ярина гээд рекламдаад байдаг. G mobile авяа гэсэн эргэн тойронд минь G mobile ашигладаг хүн нэг ч алга. Чи ганцаараа G mobile аваад яахав, хэнтэйгээ үнэгүй ярих вэ? эсрэгээрээ моби руу ярих гэж үнэтэй яриад дэмий юм болно, хүмүүс ч чамруу ярихгүй болно....энэ тэр гээд Моби авах шалтаг мундахгүй. Ингээд л "Моби".

Ямарч байсан "стрэсс" нээс хол явах гэсэн дээ дараа төлбөртийн дугаар авлаа.
Харж л байя, Моби яаж нэр төрийг минь баталгаажуулахыг.

Зургийг http://tedy.mn/
5 April 2009 3 コメント By: Ariuka

Монголын ирээдүй бүрхэг байна.

Харьж ирэхэд ерөнхий боловсролын сургуулиуд амраад, ах эгчийн хүүхдүүд буурай аав ээж дээрээ амралтаа өнгөрүүлнэ гээд ирчихсэн байгаад өнөөдөр л буцав. 14 хоног дүү нарын даалгавар энэ тэр гэж тэрүүхэн тэндээ "Гэрийн багш " болов. Цээж бичиг бичүүлэх, тоог нь заах, шүлгийг нь цээжлүүлэх, алдааг нь засах гээд л багшын ажил мундахгүй.

Орчин үейн сурах бичиг гэж авах юм алгаа! Бөөн алдаа.
Нэг эх дотор л адилхан үгийг 2, 3 янзаар биччихсэн байх юм.

Хятдын, хятадийн, Хятадын гэх мэт.

Оноосон нэр томоор бичнэ, оноосон нэрийн эгшиг гээгдэхгүй гээд л том том дүрэм биччих хирнээ, арынх нь хуудсанд ийм алдаатай өгүүлбэрүүд байхад 2,3 дугаар ангийн жижигхэнүүд алийг нь зөв гэж тогтоох вэ? Тооных нь хариу бас ер гарахгүй, буруу гээд л зөндөө алдаа олж харлаа.

Сурах бичгийнх нь нүүрэн дээр Боловсролын яамны зөвшөөрлөөр хэвлэв. Хянасан Ардын боловсролын тэргүүний ажилтан ????? гээд л биччихсэн байх. Тэгсэн хирнээ дотроо авах юм байхгүй.

Ийм сурах бичиг үзээд "Монглийн" гэж бичээд сууж байгаа дүүгээ загнах арга ч алга. Ном нь буруу заагаад байгаа юм чинь. Тэд миний үгийг сонсохоос илүү номон дээр ингэж байсан л гэнэ. Ном чинь буруу байна гэхээр үгүй гээд номондоо л итгэнэ.

Ядаж бага ангийнхныхаа сурах бичгийг алдаагүй гаргаж өгөөсэй Боловсролын яамныхан.
2 April 2009 3 コメント By: Ariuka

Болъё ооо.........

Манайхан баяжаад жижиг бага задгай төгрөгийг гүйлгээнээс бараг л " жийгээд " гаргачихсан. Одоо 5 төгрөг, 1 төгрөг гүйлгээнд ч үл харагдана. Тэгсэн хирнээ дэлгүүрүүд нь дандаа 10т ын үнэтэй. Жишээ нь 799 төгрөг, 2299 төгрөг гэх мэт.

Хариулт нь 1023 төгрөг байхад 1020 төгрөг л өгнө. Бид ч яахав за за 2, 3 төгрөг гээд л орхино. Нэхвэл бараг өөдөөс уурлана шт, юун сүртэй юм бэ,задгай мөнгө алга,өөрөө тааруулж өг гээд л ...
Иймэрхүү маягаар нэг хүнээс 3-5 төгрөг "монжино". Өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх билээ, нэг хүн сард, жилд хэдэн удаа үйлчлүүлэх билээ.
Ингэж улаан цайм монжихоо болимоор юмаа...
Задгай төгрөг байхгүй, өгч чадахгүй л юм бол 5 төргөрөөс багыг нь буулгаад, 5 аас ихийг нь нэмээд ч юм уу сүүлчийн оронг нь "0" болгож зохицуулалт хийх хэрэгтэй санагдах юм.
Эсвэл зориуд бутархай үнэ тогтоож үйлчлүүлэгчидээ "монжих " худалдааны бодлого юм уу?
10 тын нэгж хэрэглэхээ болъё.