19 August 2008 By: Ariuka

Ижийдээ бичсэн захидал /Уянгын таталбар/

Эхийг: Өнөөдөр сонин

Сайн байна уу, хорвоогийн эрхэм хүмүүн ээж минь ээ.
Таны бие сайн, тавтай сайхан хаваржиж байна уу. Хүү чинь хотоос, хоног толоон хүлээж суугаа тандаа захидал бичиж байна. За тэгээд та нар минь шинэ ондоо даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй, борлон хэрсэнтэй сүрэг мал тарган тавтай орж, сайхан шинэлэсэн биздээ. Сар шинийн үеэр хэд хоног ажлын чөлөө гарсан ч унаа унашны боломжгүйгээс тандаа энэ жил очиж хамт цагаалж, хацраа үнэрлүүлж амжсангүй, уучлаарай ээж ээ. Та минь, бас дүү нар минь битүүхэндээ зөндөө л харсан байх даа.
Хавар болж энгэр ээврийн цас ханзраад, нар дээшилж, өдөр сунан, эсгий гутлын ул цасны шавхайнд шалбайгаад, хүйтний хувцас хүнддээд ч байх шиг, бас тэнгэр тогтворгүйтэн хуйвсганаж, үе үехэн жиндүү хавсгара үүгээд нутагт минь хавар ээвэр даан ирж байгаа биз дээ. Нэгэн найрагчийн шүлгэнд байдаг шиг яг одоо
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа.


Тиймээ. Жаахан бэлгэгүй ч юм бичив үү дээ. Гэвч үнэндээ нутгийн минь хавар ингэж ирдэг хойно доо. Түүнийг мэддэг хүн нь атал үнэнийг элдэв үгээр далдалвал, хаврыг дан сайхнаар хоосон магтвал хөдөөнийхөн маань магад дургүйцнэ ээ. Яагаад вэ гэвэл, энэ нь малчид чинь хүнд хавар хатуу хөтүү тусдгийг ойлгоогүйтэй утга нэгэн болно.
Миний бие сайн ажилдаа явж, сонингоо гаргаж, хичээлээ заасаар л байна. Шинэ оны өмнөхөн, дүүгээр явуулсан таны захиаг амтархан уншиж, нандигнан хадгалж байна аа. Тэгээд одоо л хариуг нь бичиж байгаадаа бас уучлал хүсье ээж минь.
Улаанбаатарынхан "Мартын 8" болно гээд бөөн сүйд. Малчин хүнд юун маарттай мантай, одоо мал төллөх дөхсөн гурван сарын шинэд. Ижий, том ах, дүү, та нарын минь цөмийнх нь ид завгүй цаг гэдгийг сайн ойлгож байвч очоод туслаж чадахгүй яваадаа үе үе баахан гэмшихээс хэтрэхгүй л юм даа.
Аймагт ойрхон байдгаараа Цэцэгмаа эгч минь л байн байн сум руу явж, танд минь гарын үзүүр болж байх юм даа. Аав ээжийн хүүхдүүд адил ч, ачлалт үрийн хувь буян гэж өөр юм байдаг ажээ.Тэр эгч маань тийм хүн ажээ. Бид гэж нэг их гавъяа байгуулсан хүмүүс шиг, санаж байгаа, санаа зовж байгаагаа л "өмнөө барисан" улс хотод суурьшин сууж, "шигдэн шимэгдэх". Та минь эцэг өвгөдийнхөө халуун голомтын галыг манаж, баян Алтайнхаа уул ус, ургамал хөрстэй харилцаж, тэнгэр дэлхийгээ аргадаж явах юм.
"Гар гар "...Гар утас байхад бүхнийг болгоно оо гэлцэх юм, хотод. Бүр "Ертөнцийг танд атгуулна аа" гээд л ээж таны хүртэл жаахан амс хийхээрээ хардаг зурагтын сувгаар чинь чих толгой амраахгүй яншаад л байгаа биздээ. Хотын бидэнд гар утас гэдэг шидийн зүйл үнэхээр байна аа. Дэлхийн нөгөө бөөрөнд байгаа хүнтэй хүнтэй нүүр нүүрээ харж байгаад л шуудхан залгаад ярьчих, золгоод хуучилчих түүнийг үнэхээрийн шидийн гэхээс өөр яах вэ. Гэтэл. . . гэтэл. Манай нутагт л лав гар утасны дуугүй, миний ээжийн гэрт мессежний чимээгүй. Бүр та нар маань Залаажист хайрхан дээрээ гарлаа ч бас л "шонгүй".
Ээж минь гар утастай бол шууд залгаад шинийн нэгэнд ут саар "шинэлэхсэн" гэж их адгах юм. "Маарт" дөхөөд ирэхээр, ээжтэйгээ ут саараа шууд яриад яваа хүмүүсийг хараад бяцхан атаархах юм. Манай тэнд гар утас гээч юм үнэхээр байх биш, байлаа ч гэсэн газрын алсуурт ямар барих ч биш. Барьдаг сан одоо ч гэсэн , барс сардаа амжиж ээжтэйгээ яримаар, золгомоор л байх юм.
...Уучлаарай, гадаа хөрлөсөн цасан дээр зусаг ямааны ишиг нялзрай дуугаар цанхийхэд гал уургийг нь амлуулах, өвсөнд орж буй хургандаа хивэл тэжээл тавих гээд цайгаа ч бүлээн уух завгүй байхад гар утас мутас яриад, урт сунжруу захиа бичээд таныгаа бухимдуулчихав уу даа. Гэхдээ миний ижий намайгаа ойлгоноо. Хэзээ ч бухимдахгүй.Яагаад билээ. Холд яваа үсрээ үгүйлэн санан эгээрэх, ирэхгүй удвал уулсаа дэнж болтол харуулдан бэтгэрэх жаргалтай шаналан эх хүнд завсарлагын цаггүй заясан байдаг болохоор тэр юм. Тийм болохоор ээж таны минь хүлээлт жаргалтай юмаа.
...Хааяа таныг төв орж ирээд сумын холбооноос залгахад учиргүй баярладаг шүү ээжээ. үгүй энэ чин юу билээ, ээж миний "гар" луу залгаж байх чинь, манай тэнд арай гар утас ... Гэтэл үгүй байдаг. Хааяа ээж минь аймгийн төвд ирчихээд над руу залгуулж байдаг. Гэхдээ хорвоогийн эрхэм хүн танаасаа захиа ирэх, хаая боловч ут саар ярихад чинь үнэхээр сэтгэл цэлмэн оюун амирладаг шүү. Сэтгэлийн амгалан бол энэ ертөнцийн хүний жаргалын дээд билээ. Ижий минь тэгэхээр миний амгалан жаргалангийн эх булаг аа.
Малчин хүнд баяр тэмдэглэх цаг гэж байдаггүй билээ. Мал нь сайн ,тэнгэр хангай нь сайхан, хур нар нь тэгш, өвс ус өег, үрс хойчсынхоо мэнд сайн явааг сонсох л ээж таны минь дээдийн баяр бүлгээ.
Ижий минь та алтаар ч арилжишгүй эрдэнэ тунамал нутагтаа эзэн сууж, тэнгэртээ харж , мал буянаа аясруулан, гийж, солонго татах зунаар сэрмүүн Алтайнхаа өнгөний сайхныг мэдрэн,баясаж, хиргүй хас цаснаар нь сэтгэлийнхээ цагааныг өвлөөс нь таниж тайтгарч, нуруу тэнийх заныг даллан айсуй хаврын хөтүүг ухаанаа холчилж явдаг билээ. Хүмүүн заянд төрөгсөдийн дийлэнх нь дэлхий ээжийнхээ хэвлийг ухаж төнхөж, оюунт хүмүүн бөгөөтөл "ухаангүй" ухаанаар амьдарч, нөгөө миний гайхуулаад бичээд биагаа гар утас, ганган машин мэт "төмөрлөг эрин"-д хэт "дэв"-тэж, сэтгэл оюунаа ч суурин соёлын сульдаанд тавьж тууж буй эдүгээ цагт ээж минь харин уугуул суугуул хөдөөдөө "зэрлэг"-ээрээ "цэнгэл хийн" жаргалаар амьдарч явна гэдэгтээ итгээрэй.Итгээрэй гэдэг нь энэ надаас гарахад томдох үгийг, та минь аль эрийн мэддэг учраас тийнхүү жирийн атлаа агуу амьдарч яваа буй заа. Тан шиг сэтгэлийн хаттай, гар утасны сүлжээ мүлжээ мэтийн багахан зүйлээр хөгжлийг, монгол хүмүүн монголоороо амьдрах ухааныг хэмждэггүй, алсын бэлчиртэй удмын хүү болж төрсөндөө одоо би багахан бахархана.
Уучлаарай ээж ээ. Баахан ойлгомжгүй "нийгэмжсэн", "гүн ухаанжсан" юм нуршчихав уу даа. Тандаа нэг захиа бичсэн биш бас баахан л уучлал "бөөндөх" шив дээ.
Гэхдээ энэ захиа хүүгийн чинь сэтгэлийн толио, зүрхний ховдлоос гарсан үнэн үг болохоор үг нь нуршуу, утга нь баахан "гүнзгий" байсан ч ээжийн минь сэтгэлд сэтгэлээс минь шууд хүрнэ. Та минь энэ өдөр малчин хүн тэмдэглэх сөхөөгүй нөгөө "Мартын 8" нд очсон хотын хүүхнүүдтэй ч зүйрлэхгүй баяр хөөрт умбана. Хүүгийнхээ захидалыг үдшийн намуунд хонь мал айвуу хивж налайх халуун хотондоо, одод мяралзсан тунгалаг тэнгэрийнхээ доор нэг зав гаргаж ээ байгаад тухлан унших нь гарцаагүй. Жирийн ээж таны минь эгэл амьдрал, монгол хүний, Монголын сайхан ижий нарын нийтлэг агаад утга баялаг төрх нь юм шүү дээ.Тан шиг жирийн л сайхан ээжийн хүүхдүүд л хилээ манаж, эрдмийн ганзгаа зузаалж,м сансарт нисэж,сүлд дууллаа эгшиглүүж, төрийн сайд, улсын ерөнхийлөгчд хүрсэн байдаг аа. тиймээс хүү нь танаараа насад бахархана. Ухааны тань гүнийг улам улам богцлохыг бодож, нэр төрийг тань мөрөн дээрээ цанаж явдаг билээ.
...Үдэш орой болж, захиа маань ч сунжирлаа. малчин хүнд амрах өдөр, "Маартлах" өдөр гэж байдаггүйтэй адилхан унтаж амрах цаг ч барагтайхан буюу. Тиймээс урт захиа маань таны амрах цагаас хороож байх шиг. Шөнө дүл, шлулэг нойрын цагаар гадаа нялх дуу час хийвэл ээж минь бас л үрсээ хайрлах сэтгэлийнхээ зөөлнөөр сэрвэлзэж, бошц гадаалж, хавирга нэвт хаврын жавраас нөмөр нөөлөг бараадуулна. Өглөө эрт босч амлуулахгүй бол ээжийн нь ангир уураг залгирна. Ингэж ээж хүн, малчин хүн буянт малаа хүн шиг, хүүхэд шигээ хайрлаж, өсгөн үржүүлдэг юм. Таргийн тавтай, борвийн богтой нь тэр хэдийгээ цөөн гэж чамлахгүй бөөцийлж гэмээнэ, нүүдэлчин Монголын сүрэг өсөж, нүнжиг буян арвиждаг ажгуу.
За ингээд захидал маань өндөрлөж байна. Түрүүн би нутгийнхаа хаврыг баахан "муулчихсан" бол ээж минь Та уучлаарай. За, миний энэ "уучлаарай " ч дуусахгүй нь дээ янз нь. Хаварт би дургүй биш юм байна. Харин малчин ээжид минь илүү зүдэргээтэй байдгаас л ижийгээ өрөвдөхийн мөрт тийн хэлжээ. Түүнээс биш, хавар гэдэг ижий хүү хоёрт жаргалын зуныг аргадан авчирдаг урин, урилган, уриалгахан улирал мөн юм шүү дээ. Тиймээс хаварт би дургүй хүн биш байна. Хаврын хойно зун ирнэм. Зуны зунд би амралтаа авна. Амралтаа авангуут нутгаа зорином. Ижий тандаа, хөлөө олж тэнцсэн, хөрвөөсөн нутгаа үгүйлж гүйсэн хүлэг мэт хүрээд л очно.Газрын хязгаарт, гар утас ч үгүй юу ч үгүй, атар сэрмүүн нутагт хүний хүү ээждээ буй биеэрээ золгодог. Тэр цагт хорвоогийн нэгэн жаргал ивлэж, хотын хүн надад, ээжийн хүү бидэнд сүлжээтэй байлаа ч "гар"-ны хэрэггүй болж, гар утас мэтэс ноёлсон төмөрлөг эринг түр ч болов мартагнадаг юм.
...Захиагаа уншаад сайхан амраарай, ээж ээ. Удахгүй уулзатлаа түр баяртай.
Надтай хамт ижийдээ захидал бичиж, ижийгээ цуг хайрлан мэдэрч, ижий бидний сэтгэлийн үл давтагдах ертөнцөөр хамтдаа аялсан уншигч танд бас баярлалаа.

Эхийг: Өнөөдөр сонин

0 コメント: