22 August 2008 4 コメント By: Ariuka

Зуны амралтаар Монголд (photos)

Өмнөх тэмдэглэлдээ PC гээ янзалж байгаад зураг оруулна гээд "ам алдчихсан". Тэр тэмдэглэлдээ дагуулаад хэдэн зураг орууляа гэж бодлоо. Hi5 эсвэл Вимо-гоос зураг үзсэн нэгэн байгааа байх, давхардаж магад тул түрүүлээд хүлцэл өчъе.

 Монголд хийсэн хамгийн том ажил маань. Монголын Улаанбаатар Ротаригийн гишүүн болон Японы Оотавара Ротаригийн гишүүд тугаа солилцож буй агшин


Тэрэлж орох зам зуур


Гүйгээрээ... Тэрэлжид


Хорхогны халуун чулуу барих сайхан байсан шүү.


Наадмын нээлтэн дээр.


Ямар уудам юм бэ Монголын тал нутаг
Яасан цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр. . . . гээд л өөрийн эрхгүй аялмаар.


Морид эргэлээ.


Айргийн тав тасархай орж ирсэн.


Эхний морь хүүхэдгүй орж ирсэн. Хүүхэдгүй байж хүүхэдтэй моридоос түрүүлээд давиад орж ирж байгааг нь харахад өрөвдөх шиг, ухаантайг нь бишрэх шиг 複雑な気分に。。 。


Наадамд зориулсан концертэн дээр. Үзэгчдийн 90 хувь нь гадаадын жуулчид байсан. Үнэхээр сайхан тоглолт болсон.
19 August 2008 2 コメント By: Ariuka

Сайхан гэж хэлэх чамд багадна

Б. Ичинхорлоо

Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгүй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгүй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь үлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!

Ижийдээ захидал бичиж байя.

Ээж маань их сонин уншдаг хүн л дээ. Таалагдсан нийтлэлүүдээ хайчлаад цуглуулга хийнэ. Сонин уншиж байгаад хайч аваад ирээрэй гээд л хүнд дандаа "ажил" удна. Яагаад ч юм хайч нь дандаа ээжээс хол байна. Дандаа л хайч хэрэглэдэг байж хажуудаа ойрхон байлгахад яанаа гээд заримдаа бүүр уур хүрнэ.
Эгч маань сэтгүүлч болж ээжийн "ажил" нэлээн нэмэгдсэнсэн. 2,3 хан өгүүлбэртэй мэдээ ч бай, 2,3 хуудас нийтлэл ч бай хамаагүй хайчлаад л хадгалаад байна. Эгч сэтгүүлч болоод 10 гаруй жил боллоо. Ээжийн "цуглуулга" номын сандаа багтхаа байхад эгч маань тэднийг нь нэгтгэн "30 Араншин" гэдэг ном болгон гаргасан юм. Ээжид маань их том урамшуулал болсон байх. УИХ-ын гишүүн Алтай, Хөгжмийн зохиолч Жанцанноров, Бямбабаяр, Найруулагч Жаргалсайхан, Жүжигчин Сувд, Цэрэндагва, Батцэцэг, Дуучин Ариунаа, Лхагваа, Чука, Нандинцэцэг, Баясгалан ,Өөжгий, Удирдаач Туулайхүү гээд олны танил 30 хүнтэй хийсэн ярилцлага энэ номонд багтаж уншигчдынхаа гарт хүрсэн. Уншигч хүний нүднээс харахад Энхмаа гэдэг сэтгүүлч гаргасан ном шиг харагдавч цаанаа бол ээжийн маань сэтгэл хүч хөдөлмөр шингэж байж бүтсэн ном байгаа юм.

Сонин хайчлах дуртай ээж маань сая харихад маань нэг ширхэг сонингийн хайчилбар өгөөд :
-Уншаад үзээрэй ёстой сайхан нийтлэл бна гээд өгсөн юм. Яагаад ч юм ер унших зав гараагүй, сонингийн 4ний нэгтэй тэнцэх хирийн нийтлэл, тийм ч урт биш, гэхдээ л ер завдаагүй юм. Уншиж амжаагүй болохоороо буцаж байгаад уншия гэж бодоод аваад ирсэн юм. Саяхны нэг орой нойр хүрдэггүй, ширээн дээр уншчихаар юм байна уу гээд харсан ээжийн өгсөн хайчилбар байж байна. Аваад уншлаа.
Үнэхээр сайхан бичжээ. Үгийн сонголт, үгийн баялаг гээд л , , , аргагүй сэтгүүлч хүн бичиж.
Ээждээ захиа бичих юмсан гэж бодлоо. Арлын оронд ирснийхээ дараахан захиа их бичдэг байжээ. Юу бичихээ мэдэхгүй баахан ноороглоно. Захиа гэдгийг чинь анх удаа л бичиж үзсэн нь тэр. Гадуур явахдаа үзсэн харсан зүйлээ л бичнэ, богинохооон захидал болдогсон. Дээр нь муухай бичнээ. Захиагаа явуулаад хэд хонож байтал ээж утсаар ярина. Захиа аваад баярласан байхдаа гэж бодоод ярихаар өөдөөс миний охин яасан муухай бичдэг юм бэ гэж "уур " хүргэнэ. Тэгж байгаад бүүр бичэхээ байжээ. Internet гэж нэг сайхан юм байхад муухай бичдэгээ гайхуулан гайхуулан захидал бичих хэрэг юу байхав. Зав л гарвал чатлачихдаг боллоо.
Гэхдээ энэ нийтлэлийг уншаад бодлоо, муухай ч хамаагүй , өөрийнхөө гараар захидал бичиж байя гэж. Ижий маань үдэш орой ажлаа дуусгаад, үдшийн нам гүмд охиныхоо захидалыг тухлан унших нь гарцаагүй.

Ижийдээ бичсэн захидал /Уянгын таталбар/

Эхийг: Өнөөдөр сонин

Сайн байна уу, хорвоогийн эрхэм хүмүүн ээж минь ээ.
Таны бие сайн, тавтай сайхан хаваржиж байна уу. Хүү чинь хотоос, хоног толоон хүлээж суугаа тандаа захидал бичиж байна. За тэгээд та нар минь шинэ ондоо даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй, борлон хэрсэнтэй сүрэг мал тарган тавтай орж, сайхан шинэлэсэн биздээ. Сар шинийн үеэр хэд хоног ажлын чөлөө гарсан ч унаа унашны боломжгүйгээс тандаа энэ жил очиж хамт цагаалж, хацраа үнэрлүүлж амжсангүй, уучлаарай ээж ээ. Та минь, бас дүү нар минь битүүхэндээ зөндөө л харсан байх даа.
Хавар болж энгэр ээврийн цас ханзраад, нар дээшилж, өдөр сунан, эсгий гутлын ул цасны шавхайнд шалбайгаад, хүйтний хувцас хүнддээд ч байх шиг, бас тэнгэр тогтворгүйтэн хуйвсганаж, үе үехэн жиндүү хавсгара үүгээд нутагт минь хавар ээвэр даан ирж байгаа биз дээ. Нэгэн найрагчийн шүлгэнд байдаг шиг яг одоо
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа.


Тиймээ. Жаахан бэлгэгүй ч юм бичив үү дээ. Гэвч үнэндээ нутгийн минь хавар ингэж ирдэг хойно доо. Түүнийг мэддэг хүн нь атал үнэнийг элдэв үгээр далдалвал, хаврыг дан сайхнаар хоосон магтвал хөдөөнийхөн маань магад дургүйцнэ ээ. Яагаад вэ гэвэл, энэ нь малчид чинь хүнд хавар хатуу хөтүү тусдгийг ойлгоогүйтэй утга нэгэн болно.
Миний бие сайн ажилдаа явж, сонингоо гаргаж, хичээлээ заасаар л байна. Шинэ оны өмнөхөн, дүүгээр явуулсан таны захиаг амтархан уншиж, нандигнан хадгалж байна аа. Тэгээд одоо л хариуг нь бичиж байгаадаа бас уучлал хүсье ээж минь.
Улаанбаатарынхан "Мартын 8" болно гээд бөөн сүйд. Малчин хүнд юун маарттай мантай, одоо мал төллөх дөхсөн гурван сарын шинэд. Ижий, том ах, дүү, та нарын минь цөмийнх нь ид завгүй цаг гэдгийг сайн ойлгож байвч очоод туслаж чадахгүй яваадаа үе үе баахан гэмшихээс хэтрэхгүй л юм даа.
Аймагт ойрхон байдгаараа Цэцэгмаа эгч минь л байн байн сум руу явж, танд минь гарын үзүүр болж байх юм даа. Аав ээжийн хүүхдүүд адил ч, ачлалт үрийн хувь буян гэж өөр юм байдаг ажээ.Тэр эгч маань тийм хүн ажээ. Бид гэж нэг их гавъяа байгуулсан хүмүүс шиг, санаж байгаа, санаа зовж байгаагаа л "өмнөө барисан" улс хотод суурьшин сууж, "шигдэн шимэгдэх". Та минь эцэг өвгөдийнхөө халуун голомтын галыг манаж, баян Алтайнхаа уул ус, ургамал хөрстэй харилцаж, тэнгэр дэлхийгээ аргадаж явах юм.
"Гар гар "...Гар утас байхад бүхнийг болгоно оо гэлцэх юм, хотод. Бүр "Ертөнцийг танд атгуулна аа" гээд л ээж таны хүртэл жаахан амс хийхээрээ хардаг зурагтын сувгаар чинь чих толгой амраахгүй яншаад л байгаа биздээ. Хотын бидэнд гар утас гэдэг шидийн зүйл үнэхээр байна аа. Дэлхийн нөгөө бөөрөнд байгаа хүнтэй хүнтэй нүүр нүүрээ харж байгаад л шуудхан залгаад ярьчих, золгоод хуучилчих түүнийг үнэхээрийн шидийн гэхээс өөр яах вэ. Гэтэл. . . гэтэл. Манай нутагт л лав гар утасны дуугүй, миний ээжийн гэрт мессежний чимээгүй. Бүр та нар маань Залаажист хайрхан дээрээ гарлаа ч бас л "шонгүй".
Ээж минь гар утастай бол шууд залгаад шинийн нэгэнд ут саар "шинэлэхсэн" гэж их адгах юм. "Маарт" дөхөөд ирэхээр, ээжтэйгээ ут саараа шууд яриад яваа хүмүүсийг хараад бяцхан атаархах юм. Манай тэнд гар утас гээч юм үнэхээр байх биш, байлаа ч гэсэн газрын алсуурт ямар барих ч биш. Барьдаг сан одоо ч гэсэн , барс сардаа амжиж ээжтэйгээ яримаар, золгомоор л байх юм.
...Уучлаарай, гадаа хөрлөсөн цасан дээр зусаг ямааны ишиг нялзрай дуугаар цанхийхэд гал уургийг нь амлуулах, өвсөнд орж буй хургандаа хивэл тэжээл тавих гээд цайгаа ч бүлээн уух завгүй байхад гар утас мутас яриад, урт сунжруу захиа бичээд таныгаа бухимдуулчихав уу даа. Гэхдээ миний ижий намайгаа ойлгоноо. Хэзээ ч бухимдахгүй.Яагаад билээ. Холд яваа үсрээ үгүйлэн санан эгээрэх, ирэхгүй удвал уулсаа дэнж болтол харуулдан бэтгэрэх жаргалтай шаналан эх хүнд завсарлагын цаггүй заясан байдаг болохоор тэр юм. Тийм болохоор ээж таны минь хүлээлт жаргалтай юмаа.
...Хааяа таныг төв орж ирээд сумын холбооноос залгахад учиргүй баярладаг шүү ээжээ. үгүй энэ чин юу билээ, ээж миний "гар" луу залгаж байх чинь, манай тэнд арай гар утас ... Гэтэл үгүй байдаг. Хааяа ээж минь аймгийн төвд ирчихээд над руу залгуулж байдаг. Гэхдээ хорвоогийн эрхэм хүн танаасаа захиа ирэх, хаая боловч ут саар ярихад чинь үнэхээр сэтгэл цэлмэн оюун амирладаг шүү. Сэтгэлийн амгалан бол энэ ертөнцийн хүний жаргалын дээд билээ. Ижий минь тэгэхээр миний амгалан жаргалангийн эх булаг аа.
Малчин хүнд баяр тэмдэглэх цаг гэж байдаггүй билээ. Мал нь сайн ,тэнгэр хангай нь сайхан, хур нар нь тэгш, өвс ус өег, үрс хойчсынхоо мэнд сайн явааг сонсох л ээж таны минь дээдийн баяр бүлгээ.
Ижий минь та алтаар ч арилжишгүй эрдэнэ тунамал нутагтаа эзэн сууж, тэнгэртээ харж , мал буянаа аясруулан, гийж, солонго татах зунаар сэрмүүн Алтайнхаа өнгөний сайхныг мэдрэн,баясаж, хиргүй хас цаснаар нь сэтгэлийнхээ цагааныг өвлөөс нь таниж тайтгарч, нуруу тэнийх заныг даллан айсуй хаврын хөтүүг ухаанаа холчилж явдаг билээ. Хүмүүн заянд төрөгсөдийн дийлэнх нь дэлхий ээжийнхээ хэвлийг ухаж төнхөж, оюунт хүмүүн бөгөөтөл "ухаангүй" ухаанаар амьдарч, нөгөө миний гайхуулаад бичээд биагаа гар утас, ганган машин мэт "төмөрлөг эрин"-д хэт "дэв"-тэж, сэтгэл оюунаа ч суурин соёлын сульдаанд тавьж тууж буй эдүгээ цагт ээж минь харин уугуул суугуул хөдөөдөө "зэрлэг"-ээрээ "цэнгэл хийн" жаргалаар амьдарч явна гэдэгтээ итгээрэй.Итгээрэй гэдэг нь энэ надаас гарахад томдох үгийг, та минь аль эрийн мэддэг учраас тийнхүү жирийн атлаа агуу амьдарч яваа буй заа. Тан шиг сэтгэлийн хаттай, гар утасны сүлжээ мүлжээ мэтийн багахан зүйлээр хөгжлийг, монгол хүмүүн монголоороо амьдрах ухааныг хэмждэггүй, алсын бэлчиртэй удмын хүү болж төрсөндөө одоо би багахан бахархана.
Уучлаарай ээж ээ. Баахан ойлгомжгүй "нийгэмжсэн", "гүн ухаанжсан" юм нуршчихав уу даа. Тандаа нэг захиа бичсэн биш бас баахан л уучлал "бөөндөх" шив дээ.
Гэхдээ энэ захиа хүүгийн чинь сэтгэлийн толио, зүрхний ховдлоос гарсан үнэн үг болохоор үг нь нуршуу, утга нь баахан "гүнзгий" байсан ч ээжийн минь сэтгэлд сэтгэлээс минь шууд хүрнэ. Та минь энэ өдөр малчин хүн тэмдэглэх сөхөөгүй нөгөө "Мартын 8" нд очсон хотын хүүхнүүдтэй ч зүйрлэхгүй баяр хөөрт умбана. Хүүгийнхээ захидалыг үдшийн намуунд хонь мал айвуу хивж налайх халуун хотондоо, одод мяралзсан тунгалаг тэнгэрийнхээ доор нэг зав гаргаж ээ байгаад тухлан унших нь гарцаагүй. Жирийн ээж таны минь эгэл амьдрал, монгол хүний, Монголын сайхан ижий нарын нийтлэг агаад утга баялаг төрх нь юм шүү дээ.Тан шиг жирийн л сайхан ээжийн хүүхдүүд л хилээ манаж, эрдмийн ганзгаа зузаалж,м сансарт нисэж,сүлд дууллаа эгшиглүүж, төрийн сайд, улсын ерөнхийлөгчд хүрсэн байдаг аа. тиймээс хүү нь танаараа насад бахархана. Ухааны тань гүнийг улам улам богцлохыг бодож, нэр төрийг тань мөрөн дээрээ цанаж явдаг билээ.
...Үдэш орой болж, захиа маань ч сунжирлаа. малчин хүнд амрах өдөр, "Маартлах" өдөр гэж байдаггүйтэй адилхан унтаж амрах цаг ч барагтайхан буюу. Тиймээс урт захиа маань таны амрах цагаас хороож байх шиг. Шөнө дүл, шлулэг нойрын цагаар гадаа нялх дуу час хийвэл ээж минь бас л үрсээ хайрлах сэтгэлийнхээ зөөлнөөр сэрвэлзэж, бошц гадаалж, хавирга нэвт хаврын жавраас нөмөр нөөлөг бараадуулна. Өглөө эрт босч амлуулахгүй бол ээжийн нь ангир уураг залгирна. Ингэж ээж хүн, малчин хүн буянт малаа хүн шиг, хүүхэд шигээ хайрлаж, өсгөн үржүүлдэг юм. Таргийн тавтай, борвийн богтой нь тэр хэдийгээ цөөн гэж чамлахгүй бөөцийлж гэмээнэ, нүүдэлчин Монголын сүрэг өсөж, нүнжиг буян арвиждаг ажгуу.
За ингээд захидал маань өндөрлөж байна. Түрүүн би нутгийнхаа хаврыг баахан "муулчихсан" бол ээж минь Та уучлаарай. За, миний энэ "уучлаарай " ч дуусахгүй нь дээ янз нь. Хаварт би дургүй биш юм байна. Харин малчин ээжид минь илүү зүдэргээтэй байдгаас л ижийгээ өрөвдөхийн мөрт тийн хэлжээ. Түүнээс биш, хавар гэдэг ижий хүү хоёрт жаргалын зуныг аргадан авчирдаг урин, урилган, уриалгахан улирал мөн юм шүү дээ. Тиймээс хаварт би дургүй хүн биш байна. Хаврын хойно зун ирнэм. Зуны зунд би амралтаа авна. Амралтаа авангуут нутгаа зорином. Ижий тандаа, хөлөө олж тэнцсэн, хөрвөөсөн нутгаа үгүйлж гүйсэн хүлэг мэт хүрээд л очно.Газрын хязгаарт, гар утас ч үгүй юу ч үгүй, атар сэрмүүн нутагт хүний хүү ээждээ буй биеэрээ золгодог. Тэр цагт хорвоогийн нэгэн жаргал ивлэж, хотын хүн надад, ээжийн хүү бидэнд сүлжээтэй байлаа ч "гар"-ны хэрэггүй болж, гар утас мэтэс ноёлсон төмөрлөг эринг түр ч болов мартагнадаг юм.
...Захиагаа уншаад сайхан амраарай, ээж ээ. Удахгүй уулзатлаа түр баяртай.
Надтай хамт ижийдээ захидал бичиж, ижийгээ цуг хайрлан мэдэрч, ижий бидний сэтгэлийн үл давтагдах ертөнцөөр хамтдаа аялсан уншигч танд бас баярлалаа.

Эхийг: Өнөөдөр сонин
14 August 2008 2 コメント By: Ariuka

Зуны амралт 2008

Хамгийн сүүлд зуны амралтаар монголдоо харисан нь 2003 оны зун юм бна. Анх ирсэн жилийнхээ зун нь л гэрээ санаад харичихсан. Тэрнээс хойш гэрээ санаагүй биш санасан, даана ч дадлага, шалгалт давхцана, за тэгж байтал зун жуулчны улирал гээд зардал гэж тэнгэрт тулсан өндөр. Ингээд л зун харих гээд харих гээд 5 жил хариж чадаагүй бсан юм.

Энэ жил арай гэж нэг харилаа. Сайндаа ч биш л дэ. Өвөл монгол харичаад ирсэн РОТАРИ гийн өвөө нар маань 7 сард монгол явмаар бна, чамайг аваад явна гэдэг юм бна. Би ч харихдаа бөөн баяр л даа, даана ч нөгөө л зардлаасаа айсан. Тэгсэн өвөө нар хэлж бна" чамайг дагуулж явж орчуулга хийлгэнэ.Xичээлээ зохицуулаарай,аан бас явах төлөвлөгөө үзэх явах газраа чи мэдээд шийд.Монгол ярих утасны зардал, чиний монгол явах зардал бүгийг бид даана" гэдэг юм бна. Баярласан гэж жигтэйхэн. Өвөө нар маань 7 сарын сүүлээр явмаар бна гэнэ. Нэгэнт л явах юм бол "НААДАМ" үз гэж ятгалаа. Наадамаа ч сайн РEКЛАМДсан. Далдхан сэтгэлд бол өөрөө бас Наадамаа үзчих юмсан гэж бодоод бгаа юмаа, муу санаатай гэж!!! хэхэ. Ингээд л явах төлөвлөгөө зохиож эхэллээ. Зочид буудал, хоол унд, унаа тэрэг гээд, концeрт үзэлбэр гээд л. Өвөө нарын маань Монголд хийх хамгийн том хүсэлт нь Монгол дахь РОТАРИ чуудтай уулзах блаа. Үүнийг нь бас хөөцөлдлөө. Бүх зүйл утасаар, чатаар. 3 сар хиртэй Mонголруу өдөр бүр утастлаа.
Ингээд ямар ч бсан Монголд аялах аялалын төлөвлөгөө бүрэн боллоо. 7 сарын 9нд Улаанбаатарт буугаад, тэр оройдоо Улаанбаатар РОТАРИ гийнхантай уулзалт, маргааш нь Түүхийн мүзей, Тэрэлж орж байгалийн сайхныг үзүүлэх, морь унуулах, хөдөөгийнхний амьдралтай танилцуулах, оройн хоолонд нь хорхог бууз хуушуур, гэхдээ бууз хуушуур бүгдийг нь өвөө эмээ нараараа хийлгэхээр тусгав. Орой нь "星空"үзээд Уаанбаатар руу буцахаар төлөвлөв. Маргааш нь буюу 11 нд "НААДАМ" ын нээлт, Бөх, Нум сум, үдээс хойш морь, 18 цагаас монголын үндэсний урлагийн концэрт үзүүлээд 12 ны өглөө Чингис Хаан олон улсын онгоцны буудлаас гаргаж өгөх төлөвлөгөө гаргалаа. 1 хагас, 2 бүтэн өдөрт юу хийх боломжой, бүгдийг багтаав. Нэлээн шаргуу, чөлөө завгүй төлөвлөгөө болов. Өвөө нар маань ч нэг очсоных бүгдийд нь л үзнэ, ядарлаа энэ тэр гэхгүй ээ гэсэн юм.

7 сарын 9 10:00. Нарита олон улсын онгоцны буудал. Ингээд 3 сар төлөвлөсөн аялал маань 12 өвөө эмээтэйгээ Нарита -дээр уулзсанаар эхэллээ. Зуны нислэг эрт нисдэг юм бна. 1 цагт Нарита-д бсан бид 5 цаг гэхэд л Монголдоо бж бх юм. Онгоцноос харсан зуны Монгол маань ямар сайхан юм бэ. Хязгааргүй үргэлжлэх нов ногоон тал, энд тэнд мал сүрэг нь бэлчээд л , , , , гайхалтай сайхан. Хэлэх үг олдохгүй өөрийн эрхгүй нулимс гарч бсан.
Онгоцноос буулаа. 12 өвөө эмээ дагуулсан болохоор ганцаараа явж бгаа юм шиг гүйгээд явчихаж болсонгүй. Өвөө эмээ нараа буухыг нь хүлээж ачаа тээшийг нь сануулж, гарах хуудас бөглөхөд нь туслах гээд л бөөн бөөн "責任" г онгоцноос буугаад мэдэрлээ. Наанадаж л 12уулаа бгаа үгүйг нь бүртгэх том ажил блаа. Ачаа тээшээ аваад гадагшаа гарлаа. Аав ээж 2 маань хамгийн эхэнд нь хүлээгээд зогсож бна. Нөгөө 12-аа бүгд гарч ирсэн үгүйг мэдэх гээд аав ээждээ эрхлэх зав ч бсангүй. Ингээд бүгд цуглаад гадагш гарлаа. Захиалсан автобус маань ч хүрээд ирж. "記念撮影" дуусгаад буудаллах Баянгол-зочид буудалруу хөдөллөө. Буудал дээрээ өрөө хувиарлах энэ тэр гээд бас хөөрхөн ажил боллоо. Ямар ч бсан өрөө өрөөнд нь оруулж өгчөөд оройн хоол хүртэлх хэдхэн минутанд аавынхаа машинд жаахан амсхийв.
Оройн хоолны цаг ч боллоо, Улаанбаатар РОТАРИ гийнхан маань ирлээ. Жуулчний газраас автобус захиалахад заавал нэг орчуулагч дагуулж өгнө гэсэн тул надаас гадна нэг орчуулагчтай явах болсон юм. Ингээд жаахан аврагдлаа. Арын ажил их бнааа, хоолны захиалга, beer, wine-ы захиалга хүний тоо гээд л. Олон хүн дагуулж явах хэрдээ хөөрхөн чанга ажил гэдгийг тэгэхэд л мэдлээ. Ингээд ямар ч бсан оройн хоол , уулзалт маань амжилттай дуусч, гэрлүүгээ явлаа.
7 сарын 10н. Өглөөний 8 д Баянгол орлоо. Өдрийн төлөвлөгөөгөө танилцуулаад хөдөллөө. Мүзей, shopping дуусгаад Тэрэлж рүү хөдөллөө. Мэлхий хад, морь унах, айлд зочлох гээд, арай гэж 5 гэхэд оройн хоол хийх дээрээ ирлээ.
Бэлдээд зууруулсан гурилаар хуушуур бууз хийхийг зааж өглөө. Том жижиг, гурвалжин дөрвөлжин гээд л янз бүрийн хэлбэртэй бууз хуушуур гарч, гадаа нэг хэсэг нь хорхог хийлээ. Ингээд зоогийн ширээ бэлэн боллоо. Хорхог, халуун чулуу, хуушуур, бууз, айраг гээд л Япон хүнд зориулсан хоол өчүүхэн ч бгаагүй ч халуун чулуу бариж, халуунд нь бие биерүүгээ дамжуулж, өөрсдийнхөө хийсэн бууз хуушуурийг идэж, дуу дуулцгаагаад гэр дүүрэн инээд хөөр, дуу хууртай үнэхээр сайхан блаа. Ингэж баярлаж хөөрч бгааг нь харахад гаргасан төлөвлөгөөндөө үнэхээр сэтгэл ханахгүй бхын аргагүй. Ингээд шөнөдөө Улаанбаатарруу буцлаа.
7 сарын 11н. Сүүлчийн өдөр. Наадмын нээлт үзэхээр стадионруу явлаа. Нээлт үнэхээр сайхан болсон. Сэтгэл хөдлөөд нулимсаа арчиж суусан шүү. Монгол наадам үнэхээр сайхан юмаа. Гадаадын зочид ч олон блаа. Бөх, Нум сум үзээд морины талбайруу хөдөллөө. Цаг хиртэй давхиж байж хүрсэн. Эх нас ирэх гэж бна. Тэээээээээээээр тэндээс тоос татаад морид эргэлээ гээдл хүмүүс хөдөлгөөнд ороод , , , эхний тав тасархай орж ирсэн шүү. 18 аас концерт үзэх ёстой бсан тул барианд орхоыг ни хараад л буцсан. Яг 18 гээд л контертэноо орлоо. Морин хуур, хөөмий, ардын бүжиг, уртын дуу гээд л ,,, ёстой сайхан концерт болсон. Гадаадийн иргэн монголчуудаас илүү ардын урлагыг ойлгодог шиг санагдсан. Би ууг нь их л концерт үздэг хүн сэн, монголчууд тэгж гоё хүлээж авч бхийг хараагүй. Чив чимээгуй, бүүр нүдэээ аниад сонсч бна, дуусахаар нь нижигнэсэн алга ташилт. Үнэхээр гоё бсан. Хамгийн их сэтгэл хөдөлсөн явдал бол концерт дуусаад хөгжимчид маань сандал, хөгжмийн зэмсгээ аваад орчихсон, хөшиг хаагдчихсан бxaд алга ташшаар бгаад дахиулж бсан юм. Тийм их алга таашилт, тийм гоё хүлээж авахыг би анх удаа харсан. Дахиж тоглохдоо УРАН ХАС-г тоглолоо. Үнэхээр гайхалтай. Хэлэх үг ч олдохгүй бсан. Гарч ирээд бүгд нэг нэг CД аваад оройн хоолондоо. Ингээд 12 өвөө эмээ нарын маань монгол дах аялал дуусах гэж блаа. Өвөө нар архи ууж , эмээ нар wine уугаад, 3 өдрийн сэтгэгдэлээ яриад л , сэтгэл хангалуун бгааг нь хаа явсан газраараа мэдрэх нь төлөвлөгөө гаргасан надад маш том урамшуулал бсан.

7 сарын 12. Өглөөний 4 цаг. Баянгол буудлаас "Чингис Хаан " онгоцны буудалруу хөдөллөө. Онгоцны буудал ч дорхноо л хүрчлээ. Ингээд бүгдтэй нь япондоо уулзахаар тохироод үдэж өгснөөр 130000 ений цалинтай 3 өдрийн ажил маань дуусгавар боллоо.

Нэг өвөө маань:

- Би дэлхийн 23 орчим орноор аялсан, олон ч орны баяр наадам үзсэн. Дэлхийн ийм олон орноос зорин зорин ирж үздэг баяр би хэзээ ч харж бгаагүй. "НААДАМ" бол ганц МОНГОЛ-ын "НААДАМ" биш дэлхийн наадам бна .

Нас нэг эмээ морид хүлээх зуураа:

- эргэн тойрон 360 хэм хээр тал, ямар сайхан юм бэ, нүдэнд торох зүйлгүй бүх юм харагдана гэж ямар сайхан юм бэ . . . . .

Одоо бүгдийг нь сайн санахгүй бнаа. Бүгд 100% сэтгэл хангалуун буцсан, буцааж чадсандаа би өөрөө ч , арын ажилд сайн гүйсэн аав ээж 2 маань ч сэтгэл хангалуун бсан.

Дараа жилийн Наадмаа заавал Монголдоо үзнэ гэж бодож бгаа.

(PC нийхаа мартчихаад асааж чахдахгүй бнаа, асаахаараа зөндөө зураг оруулнааа)