26 May 2009 1 コメント By: Ariuka

Ёслолын буудлага буудуулав.

Тасганы овоон дээрээс Солют буудууллаа.


Улаанбаатар хотын тэг дунд байрлах энэ овоог сүүлийн жилүүдэд тал талаас нь өмлөж хомслоод, дутуу баригдсан барилгууд энд тэнд нь харлаад нүд халитрам болгочихсон.

Тэгсэн хир нь ямар нэгэн баяр ёслол болохоор бүгд л энэ овоог зорино, том багагүй.

Энгийн үед гунигтайхан, гомдол өгүүлэх мэт дүнсийх энэ овоонд баяр ёслолын үеэр хүн машин 2 нь багтаж ядна. Өнөө орой бас л тийм нэг орой боллоо.

Шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэж "Ёслолын буудлага" хийж байгаа нь юм болов уу гэж таалаа. Бөөн бөөн машин....ар араасаа гэрлээ тусгаад овоог зориж байна.

Хүчтэй салхитай байсан тул солют маань задраад хэлбэр дүрсгүй өнгө алагласан гэрэл тэнгэр чимлээ. Гэнэтийн энэ буудлагад олон хүний нойр сэргэсэн бололтой. Гадагшаа гарч харах хүмүүс ч харагдаж байлаа.



Ямартай ч манай улс 5 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Шудрага ёсыг сахиж, улс орноо нэгтгэж ард түмний итгэлийг даасан ерөнхийлөгч болоосой.


25 May 2009 0 コメント By: Ariuka

Улаанбаатарчуудаа эрүүл агаарт алхацгаая.

5 сарын 31 "Авто машингүй өдөр"

Манай улс жилд 2 удаа 5 сард, 9 сард "Авто машингүй өдөр" ийг тэмдэглэдэг ба энэ жил 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ өдрөөр Нийтийн тээврийн хэрэгсэл болон, онцгой албаны машинууд л явах эрхтэй юм байна.

Нийслэлчүүд маань машины бөглөрөл гэж бухимдахгүй нэг өдрийг өнгөрөөх нь.



Энэ зам (Тэнгис кино театрын урдах зам) намайг бага байхад л ийм "сайхан эзгүй" байдаг байсан.
Уулзвараас машин ирээгүй үед л замаар гараарай гэж аав захина. Би уулзвар руу хараад л, машингүй болохыг хүлээж байгаад замаар гардаг байсан. Машин ч цөөхөн байж дээ, нээг их удаан хүлээлгүй гарчихдаг байсан юм.

Одоо бол уулзвараас машин ирэхгүй болох үе гэж байхгүй.
Энэ 31нд ийм замаа харах болов уу гэж .......

Энэ өдөр бас "Тамхигүй өдөр" тэй давхцаж байгаа.

5 сарын 31 нд машины утаагүй, тамхины утаагүй эрүүл агаарт алхацгаая.
21 May 2009 0 コメント By: Ariuka

World No Tobacco Day

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 сарын 7 ыг тамхигүй өдөр болгон зарлажээ.

Дараа жил нь буюу 1988 онд 5 сарын 31нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day" г 5 сарын 31нд тэмдэглэх болжээ.


Дэлхий дээрх 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба, нийт тамхичидын дийлэнхийг боловсролгүй, бага орлоготой, ажилгүйчүүд эзэлдэг байна.
Жилд 3 сая хүн тамхинаас болж нас барж байна.

World No Tobacco Day
13 May 2009 0 コメント By: Ariuka

Монгол

Н.Тайванжаргал

Монгол

Нар саран тахилгатай соёмбон дээр улаан гал бадамлаж байгааг
Найман зууны өмнөх түүхийг минь дэлхий бахдаж байгааг
Дөрвөн улирал өнгөө солин ээлжилж байгааг
Дөнгөж орсон цасан дээр чонын мөр дурайж байгааг

Ян сарьдагийн оройд нь хүрэн бүргэд өндөглөсөн их хянган уулсыг
Янзага эхээс нь төөрүүлдэггүй нүд алдам уудам талыг
Цаст өндөр уулсын бараанаас толгод өндийж байгааг
Цанхаалж зүтгэсэн хангалын хүзүүнд эр суран бугуйл чивчрэхийг л

Монгол гэнэ

Үүлэн хээгээр гоёсон охь манхан хөх тэнгэрийг
Үржил шимт газрын гоёл дэлбээ нүдэн цэцэгсийг
Лусын савдагтай тунамал цэнхэр нуурыг
Луугийн домогтой нарийн шаргал элсэн манханыг

Зэрэглээн гүйдлээс далай давалгаалж байгааг
Зэндмэнь улаан наран хоймор голлож байгааг
Нутгаа л гэж өнхөрч ирдэг бүлээн чулууг
Нуур болноо гэж ундардаг нүдэн булгийг л

Монгол гэнэ

Алтан наранд өргөдөг цацлын дээжийг
Адууны бэлчээрт дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэж байгааг
Айлсаж буусан хот айлын бараанаас хүүхдийн дуу сонсогдохыг
Аяганд нар зөв эргүүлж хийн зочиндоо барьдаг цагаан сүүний амттай цайг

Сэрүүн хангайн үзүүрээс зүүгдэж ассан хээр талыг
Сэвшээ салхины үзүүрээс агь гангын үнэр үнэртэхийг
Мэлтийх үүлгүй шөнийн тэнгэрт од анивчиж байгааг
Мэнэнгийн их тал шөнөөр нойрсож байгааг л

Монгол гэнэ

Шуранхайн татлагаас адуу янзгаахыг
Шувуудын сүүдэрт л сэрүүцдэг их говийг
Хонин тогооны амсар дэвэн мэлтэлзэх цагаан сүүг
Холын бараанаас хурын үүл наашилж байгааг

Бэлчиж байгаа хонин дундуур гардаггүй монгол ёсыг
Бэлийн чулууг бууринаас нь хөдлөгдөггүй их ухааныг
Ургаж байгаа наран доогуур адуу усанд цувж байгааг
Усны мандал дээр нар тусаад гялбаж байгааг л

Монгол гэнэ

Даага унасан хүүхдүүд талд уралдаж байгааг
Даалимбан тэрлэгээ урагдтал барилдаж байгааг
Дөрөө харшуулсан хосууд уяан дээр бууж байгааг
Дөтөлж холдсон зам их талд уусахыг

Зөөлөн борооны дараа солонго татаж нялх ногоо өнгөө зассаныг
Зөрөг замын хажуугаар хос тогоруу цам харайж байгааг
Уяан дээр суусан шаазгай сайн мэдээ дуулгаж байгааг
Уул хайрханы овоонд цэнхэр хадаг намирч байгааг л

Монгол гэнэ

http://biirbeh.com
6 May 2009 2 コメント By: Ariuka

1 настай жирэмсэн охин.

Саудын арабад 1 настай охин жирэмсэн болох нь тогтоогдсон байна. Охины эх 2 үр хөврөл тээж явсны 1 нь охины умайд орсон гэж эмч нар үзэж байгаа юм бна.
Зураг1. 1 настай жирэмсэн охин.

Өөрөөр хэлбэр охин өөрийнхөө ихэрийн өрөөсөнг гэдсэндээ тээж яваа гэнэ. Эмч нар үр хөндөлт хийж магадгүй байгаа юм байна.

Үүнтэй адилхан тохиолдол өдий хүртэл 51 бүртгэгдээд байгаа ба 500000 д 1 тохиолддог гэсэн тоон баримт байдаг юм байна.

Зураг2. Охины гэдсэн дэх үр хөврөлийн зураг
Илүү мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАР!
3 May 2009 2 コメント By: Ariuka

Бариувч

Нэг өглөө унтаж байсан ээж дуудаад байна. Унтуулахгүй юм гээд гомдол хэлээд очсон чинь:

-Май, бариучаа ав! гээд өгсөн нь нялхдаа өмсөж байсан бариувч маань байна. Ээж дэрэн дотроо хийгээд хадгалаад байсан юм гэнэ.

Ямар ч жаахан юм, Ямар ч эгдүүтэй юм. Урт нь ердөө л нэг төө жаахан илүүтэй. Өргөн нь ч нэг төө.
Энгэртээ л ганцхан товчтой. Xанцуй нь урагдаад сэмэрчихсэн... овоо илээсэн бололтой.

Зургийг нь авсан чинь жижигхэн нь мэдэгддэггүй. Дүүгийнхээ бамбаруушыг хажууд нь суулгаад үзсэн чинь бамбаруушинд ч багадаж байна.


Ийм жаахан юм өмсөж байсан гэхээр итгэмээргүй ч юм шиг.

Юутай ч миний энэ хорвоод мэндлээд өмссөн хамгийн анхны хувцас, ийм өөдөсхөн амьтан байсны минь нотолгоо.

Нандигнан хадгалнаа.
1 May 2009 2 コメント By: Ariuka

Улаанбаатар хотоор аялав.

Нийслэлийн 370 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн аялал жуучлалын газраас "Төрөлх хотоо танин мэдэцгээе" хотын аялал зохион байгуулав. Эхний ээлжинд Хүүхэд асрах төвийн хүүхдүүд хамрагдсан бол энэ удаад сэтгүүлчид хамрагдлаа.

Аялал маань 09:30 аас Сүхбаатарын талбайгаас эхлэсэн.
Сүхбаатарын талбай маань 240м2 тэг дөрвөлжин юм байна.
Үүгээрээ дэлхийд томоохонд ордог тэг дөрвөлжин талбайн нэгд ордог юм байна. Нэрний хувьд Сүхбаатар хувьсгал хийгээд анх энэ талбайд үг хэлснээс бол Сүхбаатарын талбай гэгдэх болжээ. Мөн Сүхбаатар овоолсон шороон дээр морьтойгоо гарч үг хэлснээс улбаалж Сүхбаатарын хөшөөг морь унасан дүрээр нь бүтээсэн гэнэ.Энэ хөшөөний өндөр нь 12 м.

Тэндээсээ Үндэсний түүхийн мүзейтэй танилцаад Гандан тэгчлэн хийдийг зорилоо. Их олон юм яриж өгсөн боловч бараг цээжлэсэнгүй ээ. Жанрайсаг бурхны жин нь 80 тонн гэнэ. Суурь нь 80 тонн-ыг даах хэмжээний суурь гэсэн нь их л том юм байна гэсэн бодлыг төрүүлсэн. Жанрайсаг болон сууринд нь ноёдын хэрэглэж байсан гэр, хувцас, аан бас бурхны хэрэглэл, арц хүж хийсэн байдаг юм байна.

Гандангийн номын сан, бусад хийдүүдтэй танилцаад Гандан тэгчлэн хийдийн хүндэтгэлийн өргөөнд үдийн хоолоо идлээ. Ном уншуулж хийморио сэргээгээд цааш хөдлөлөө.
Драмын театр, Богд хааны мүзей, Зайсан толгой, Их тэнгэрийн ам, Улаанбаатар хотын суурь тавьсан газар гэгддэг Мэлхий чулуутай танилцсанаар аялал маань өндөрлөлөө. Сэтгүүлч нартай явж байгаа гэсэндээ хаа ч явсан зураг авах эрхийг бүрэн эдэллээ. Жуулчидтай явахад зураг авахыг хориглодог газар авсан зургийг энд оруулахгүй. (Их тэнгэрийн аманд)
Бид Tокио хоттой танилцана гэж ярьдаг ч үнэндээ бол Улаанбаатараа мэддэггүй юм байна гэдгээ өнөөдөр мэдэрлээ. Улаанбаатар хоттой танилцаж байгаа гадны жуулчин шиг л аялалаа. Хотоо мэддэггүй надад хоттойгоо танилцах сайхан боломж байлаа. Улаанбаатар маань миний мэдэх 2003 оны Улаанбаатараас гоё болжээ. Сайхан сайхан том барилгууд сүндэрлээд л их хотын төрхтэй болсон нь үнэхээр баярлууштай. Замаа л жаахан засчихвал ч гэж бодогдож явсныг нуух юун. (Бидний аялалын автобус)