Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Ижийдээ зориулсан шүлгийн түүврээс хамгийн их таалагдсан шүлэг байгаа юм.
Хүнд намайг дурласан гэж битгий хэлээрэй
Хөөрхий ижий минь шаналаж мэднэ
Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ
Хүнээс далдуур уйлж мэднэ ээ
Босон суунгүй боддог гэж
Бодоод байхлаараа уйлдаг гэж
Боб бор нүдтэй гэж
Болооч үгүй бас чамд шүлэг бичсэн гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Зүүдэлж сэрэхээрээ хөөрдөг гэж
Зүсийг нь харахаараа айдаг гэж
Хав хар хөмсөгтэй гэж
Харамлахаараа атирдаг ууртай гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Үсийг минь хааяа илдэг гэж
Үймүүлж орхиод холддог гэж
Худлаа хэлдэг уруултай гэж
Хуурсаар байгаад үнсчихдэг гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Цэцэг голдог эрвээхэй хүртэл цоохор байхад
Цээжинд ахдах хайраа өөрөө олсон юм гэж
Даана ч тэр минь хүнийх гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Дандаа намайг өрөвдөөд
Дэндүү эрт өтөлчихөж мэднэ ээ
Ижийд минь битгий хэлээрэй