29 July 2007 3 コメント By: Ariuka

Санаа алдан санагалзах юм чамайгаа...

Санаа алдан санагалзах юм чамайгаа
Сар жилүүд урсан одсон ч
Сайхан дүрийг чинь сэтгэлдээ ургуулсаар
Санаандгүй учралаа дурсан санасаар
Санаа алдан санагалзах юм чамайгаа

Далдхан сэтгэлдээ санах л юм чамайгаа
Далайн хөвөөгөөр хамтдаа зугаалсан
Дахин ирэхгүй он жилүүд
Дуулсан дууны чинь эгшигтэй хамт
Дурсамж болжээ миний сэтгэлд

Үе үехэн үгүйлэх юм сэтгэл минь чамайгаа
Өвсний толгой шарлах тоолонд
Өвөрт чинь эрхэлсэн тэр л мөчүүдтэй
Өнгөрсөн бүхнийг эргүүлэн санахад
Өр зүрх минь шимшрэх юмаа хайр минь

Хайртай гэсэн үг чинь санаанаас үл гарна
Хайрласан миний сэтгэл сэм сэмхэн гунихрана
Учирлаж хэлсэн үгийг чинь
Урьдын өдрүүдтэй эргэн дурссаар
Унаган хайр чамайгаа уяран байж дуулах юм сэтгэл минь

....................................................................................
2007.07.20
Toчиги JAPAN

Хайр чамаас асууя.


Нүдэнд минь үл үзэгдэж
Гарт минь үл баригдавч
Нулимсыг минь унагаж
Сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ.

Ирэхдээ чи аз жаргал баяр баяслыг дагуулж ирдэг ч
Явахдаа чи гуниг гутрал, ганцаардал, нулимс энэ бүхэнтэй орхиод оддог

Гэлээ ч . . .
Хүн бүр чамайг мэдрэхийг хүсч
Хүн бүр чамайг эзэмдэхийг хүснэ.

Чамайг мэдрэх cайхаан. . . .
Өндөр уулыг даваад гарах эрч хүчийг чамаас л мэдрэнэ
Аагим халуун элсэн цөлийг туулаад гарах сэтгэлийн тэнхээг чамаас л мэдэрнэ.

Тийм болохоор. . .
Хайр чамайг би дахин дахин мэдрэхийг хүснэм
Хайр чамаар би ханатлаа бялуурахыг хүснэм


2007/07/25
Toчиги JAPAN